Tuesday, April 26, 2011

21-р зуун бүсгүйчүүдээ өмөөрч байна


Амьдрал. Тэр өөрөө биднийг зовлон жаргалаар туучуулдаг. Гэгээн бас гэрэлтэй сүүдэртэй тийм л замаар амьдардаг. Гэхдээ амьдрал, хайр, итгэлцэл, бидний зам мөр үнэн байгаасай гэж би хүсдэг. Хэдийгээр бид “Үнэний хорвоо” гэж дуулдаг ч “үнэн” өөрөө харьцангуй. Үнэнийг нотлож болдог бил үү. Гэхдээ л амьдрал сайхан. Вансэмбэрүү хосоороо ургаж, хүн төж, шувууд нисдэг, хүн хүнээ хайрладаг заримдаа гомдоодог энэ л замбууд амьдраад л баймаар. Амьдрах сайхаан…

Ингээд амьдралын ачааг үүрч дүүрч яваа, Монголын сайхан бүсгүйчүүддээ гүн их талархал илэрхийлье. Анд, Эрдэнэтийн найрагч М.Баянгийнхаа бичсэн нэгэн шүлгийг та бүхэндээ хүргэх таатай байна.

Д.СОЁМБО
21-р зуун бүсгүйчүүдээ өмөөрч байна
Бүсгүйчүүд-үрийнхээ ухааныг тархиндаа тээж
Бүсгүйчүүд-биеийг нь хэвлийдээ тээж
Бүсгүйчүүд-бүх л өдөржингөө ажиллаж
Бүсгүйчүүд-бүтэн зууныг бүтээлцжээ.
Гэсэн ч:
Уруудаж сэмэрч байхад нь аятайхан ган үг хэлсэн биш
Уруул цорвойж эрхлэхэд нь уулыг давуулж, усыг үзүүлсэн биш
Уйлсан нултмас, асгарсан цусыг нь ямар үнэлж чадсан биш
Утга төгөлдөр байхад нь тосонд умбуулж, торгоор ороосон биш
Архичин нөхрөө араар нь тавилгүй
Аргыг нь олж амьдрах гэж үйлээ барж байна
Ахиад л “болохгүй”-тэй өдөр бүхэн таарч
Амьдрал тийш яаран тэмүүлж байна.
Гудамжинд танилтайгаа таараад ярьж чадалгүй
Гуталнаасаа ичээд, толгой дохиод өнгөрч байна.
Найр наадам хэсч, наргиж дарвиж чадалгүй
Насан туршдаа тэд гэрлүүгээ гүйсээр дуусч байна.
Цагаа дандаа тэд нөхөртөө бүртгүүлэх журамтай
Цалингаа харин бүгдийг нь амьдралдаа зориулах тангарагтай
Үнэнч хайрын тухай зүүдэндээ л харах заяатай
Үрийнхээ төлөө бол амиа өгөх хуультай.
Энэ бүсгүйчүүдийг өнөөдөр
Энэрч хайрлах бурхан ч алга
Өөрийнх нь ээжээс өөр
Өмөрч сэмрэх хүмүүн алга
Хатан ухаанаараа хүндлүүлж
Хааны дэргэд жаргаж суусан юмсан
Харийн дайсан довтлож ирэхэд
Хурц сэлмээ сугалаад өндийж чадсан юмсан.
Цэцгийн сайхантай уралдаж өссөн юмсан
Цэнгэлийн дуугаа дуулсан юмсан
Амьдралын замд хөл тавихдаа
Аргадуулж, гуйлгуулж, сөгдүүлж явсан юмсан
Аав, ээжийн эрх охин байсан юмсан
Ангидаа тэр хамгийн хөөрхөн нь байсан юмсан
Ажилдаа тэр хамгийн сайн, аварга нь байсан юмсан
Аймагтаа тэр хамгийн төгөлдөг гоо нь байсан юмсан
Хайраар дутаахаар бүсгүй хүн хагдран унах өвс мэт болдог байна
Халамжаар дутаахаар бүсгүй хүн харанхуйд төөрсөн хүүхэд мэт болдог байна
Хувцасаар дутаахаар бүсгүй хүн далавчгүй шувуу шиг болдог байна
Хөрөнгөөр дутаахаар бүсгүй хүн хүн чулууны хагархай болж үйрдэг байна.
21-р зуун бүсгүйчүүдээ өмөөрч байна!

2011-01-03                Д.БАЯН

No comments:

Post a Comment