Tuesday, April 26, 2011

ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ


Чиний сэтгэлийг татсан
Миний таньдаг бүсгүй
Намрын анхны навч унасан өдөр
Надаас чамайг гуйж бэр минь боллоо
Хүүгээс минь чамайг булааж ээж нь гэгдлээ
Тэр өдөр тэнгэрээс биш нүднээс минь
Аадар цутгаж аянга бууж байсан
Хөөрхий хүү минь нулимсаар ундаалж
Хоосон орон зайгаар чинь наадаж суугааг


Зүрхээ зүсэн элгээ эмтлэн харж сууна
Зовлонгоор шагнуулсан анхны эхнэр чинь.

Хөөрхөн гэдэг байлуу миний нүдийг
Ханийг минь бүрэнхий нөмрөөд
Харанхуй дагуулаад явчихаар нь
Хагархай шилний араас хараад үлдсэн нүд минь
Харуусал гунигт оногдоод сохорчихсон

2010 оны намраас өмнөх намрууд
Навчисаа гээдэг ч сайхан байжээ
2010 оны өвлөөс өмнөх өвөлүүд
Жавраар хайрдаг ч дулаахан байжээ

Цаг хугацаанд хууртан
Хайраа авслах байсан юм бол
Хүүг минь яах гэж орчлонд авч ирээд
Хагацлын ангал руу түлхэв дээ

Энгэртээ нэг тэврээч үрээ инээг дээ
Элгэндээ нэг наагаач үрээ үнэрлэг дээ
Эвий хүү минь аавынхаа сүүдэртэй тоглож л сууна уу.

No comments:

Post a Comment